Тайшир сумын түүхэн товчоо
Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт хааны хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сум 1924 онд байгуулагдсан.
Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр 1924 оны хавар Завхан голын баруун дэнж “Цагаан-Олом” хэмээх газар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт хааны хошууг Хан Тайшир уулын хошууны Тахилгат /Тайшир/ сум гэж нэрлэн, 8 багтайгаар сумын түр хороог байгуулсан түүхтэй.
1953 онд Тайшир сумын “Туяа” нэгдэл, 1955 онд Түмэн суманд “Сүхбаатарын зам” нэгдэл байгуулагдаж, 1968 онд Тайшир, Түмэн сумууд нэгдэж, Тайшир сумын захиргаа, “Сүхбаатарын зам” нэгдэл болж өргөжсөн түүхтэй.
1925 оны 8 дугаар сарын 20-нд анхны сургууль Шаврын голд Арын хүрээний тэнхим нэртэй байгуулагдаж, 1932 онд Цагаан-Оломд нүүн ирж төвлөрсөн байна.
Сумын Соёлын төв 1928 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдсан.
Сумын Эрүүл мэндийн төв 1933 оны 4-р сарын 3-нд Хүн эмнэлгийн тасаг гэж байгуулагдсан.
Хүүхдийн цэцэрлэг 1972 оны 9-р сарын 16-нд байгуулагдсан.
1996 онд УИХ-ын шийдвэрээр аймгийн төвүүдийг сумын статустай болгож, аймгийн төв Алтай хот нь Есөнбулаг сум нэртэй болж, Тайшир сумын Наран, Рашаант багуудыг таслан авч, уг сумд шилжүүлснээр манай сумын эдийн засаг, нийгмийн хөгжил суларч, хүн амын тоо эрс цөөрсөн байна.